МАМБХ-н өргөмжлөл, цол тэмдэг олгох журам
МОНГОЛЫН АШИГТ МАЛТМАЛ БАЯЖУУЛАГЧДЫН ХОЛБООНЫ ШАГНАЛЫН ЖУРАМ
Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбооны үйл ажиллагааг өргөжүүлэх, баяжуулалтын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд гишүүдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, тэдний идэвх санаачлагыг өрнүүлэх зорилгоор холбооны гишүүд, байгууллагыг шагнаж урамшуулна.
Шагналын төрлүүд:
- "Хүндэт баяжуулагч" цол тэмдэг
- "Оны шилдэг баяжуулагч" өргөмжлөл
- "Тэргүүний баяжуулагч" өргөмжлөл
1.1. МАМБХ-ны "Хүндэт баяжуулагч" цол тэмдэг
1.1.1. МАМБХолбооны "Хүндэт баяжуулагч" өргөмжлөлийг дараах болзлуудыг хангасан хүнд олгоно. Үүнд:
- МАМБХолбоог үүсгэн байгуулах, хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан.
- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан.
- Ашигт малтмал баяжуулалтын шинжлэх ухааны хөгжилд үнэлэгдэхүйц ном, сурах бичиг, бүтээл туурвисан.
- МАМБХолбооны Удирдах зөвлөлд олон жил үр бүтээлтэй ажилласан.
- Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн.
- МАМБХолбооны үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүжүүлэхэд холбооны гишүүний үүргээ нэр төртэй биелүүлсэн.
1.1.2. МАМБХолбооны "Хүндэт баяжуулагч" өргөмжлөлийг холбооны гишүүд, хамт олны саналыг үндэслэн Холбооны удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр олгоно.
1.2. МАМБХ-ны "Оны шилдэг баяжуулагч" өргөмжлөл
1.2.1. МАМБХолбооны "Оны шилдэг баяжуулагч" өргөмжлөлийг дараах болзлуудыг хангасан хүнд олгоно. Үүнд:
- Тухайн байгууллагын үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцож, хамт олны дунд хүндлэл хүлээсэн шилдэг ажилтан байх;
- Холбооны үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож, бусдыгаа манлайлан, үлгэр дуурайлал үзүүлдэг байх;
- МАМБХолбооны "Тэргүүний баяжуулагч" өргөмжлөлөөр шагнагдаж байсан байх;
1.2.2. МАМБХолбооны "Оны шилдэг баяжуулагч" өргөмжлөл олгох шийдвэрийг хамт олон, Удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн МАМБХолбооны ерөнхийлөгч гаргана.
1.2.3. Тухайн жилийн эхний улиралд багтаан МАМБХолбооны гишүүнчлэлээ баталгаажуулсан байх.
1.2.4. "Оны шилдэг баяжуулагч"-ийг өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр урамшуулах ба энэ урамшууллыг тухайн ажилтныг шагнах санаачлага гаргасан байгууллага хариуцна.
1.3. МАМБХолбооны "Тэргүүний баяжуулагч" өргөмжлөл
1.3.1. МАМБХолбооны ажилд идэвх зүтгэлтэй оролцож, мэргэжлийн өндөр амжилт үзүүлсэн гишүүнд МАМБХолбооны "Тэргүүний баяжуулагч" өргөмжлөл олгоно.
1.3.2. Зөвхөн тухайн жилд байгууллага, хамт олны дунд гаргасан ололт, амжилтын талаарх мэдээллийг шагналын тодорхойлолтод дурдаж оруулсан байна.
1.3.3. Тухайн жилийн эхний улиралд багтаан МАМБХолбооны гишүүнчлэлээ баталгаажуулсан байх.
1.3.4. МАМБХолбооны "Тэргүүний баяжуулагч" өргөмжлөлөөр шагнах тухай шийдвэрийг байгууллага, хамт олны санал санаачлагыг үндэслэн МАМБХолбооны гүйцэтгэх захирал гаргана.
1.3.5. "Тэргүүний баяжуулагч"-ийг өргөмжлөл, 200,000 төгрөгийн мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр урамшуулах ба энэ урамшууллыг тухайн ажилтныг шагнах санаачлага гаргасан байгууллага хариуцна.
